Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг 1990 онд 45/106 дугаар тогтоолоор “Олон улсын ахмадын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Монгол Улсад 2013 оноос эхлэн “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг уламжлал болгон зохион байгуулж, ахмад үеийн дуу хоолойг сонсох, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллагад оруулсан хувь нэмрийг алдаршуулах үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Энэ уламжлалтын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдөр-ийн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр байгууллагын удирдлагууд ахмад ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлж, байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тэдэнд гүн талархал илэрхийллээ. Мөн ахмад ажилтнуудад зориулсан хүндэтгэлийн цайллага, ART TIME чөлөөт цагийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж, ахмадууд уран зургийн ертөнцөд алжаалаа тайлахын зэрэгцээ дурсамжаа хуваалцан, үе хоорондын халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэв. Арга хэмжээний үеэр нийт ахмад ажилтнуудад дурсгалын зүйл гардуулж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд оролцсон 30 орчим ахмад ажилтан байгууллагын хөгжилд чиглэсэн санал, санаачилга, туршлагаа хуваалцсанаар арга хэмжээний гол үнэ цэнийг бүрдүүлсэн юм.
Ийнхүү “Ахмадын өдөр”-ийг амжилттай тэмдэглэснээр байгууллага ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлэх, тэдний дурсамж, туршлагыг хойч үед өвлүүлэх сайхан уламжлалыг улам бэхжүүллээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв
2025.10.01