Хүний эрхийн зөвлөлийн 56 дугаар чуулганы хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувийн хэвшлийн хүний эрхийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь” сэдэвт арга хэмжээг Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд (ХЭҮБ)-ын Дэлхийн Холбооноос 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа Ази Номхон далайн улс орнуудын ХЭҮБ-уудыг төлөөлөн оролцож, хэлсэн үгэндээ дараах байр суурийг илэрхийлснийг хүргэж байна.
- Дэлхийн биологийн төрөл зүйлийн 50 орчим хувийг агуулдаг Ази тивд хүн амын өсөлт, үйлдвэржилтийн улмаас байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учирч байна. Далайн төвшин дээшилж, хүчтэй шуурга, ган, үерийн гамшгийн тоо нэмэгдсэний хор хохирлыг Ази-Номхон далайн бүс нутагт орших арлын улсууд бодитоор амсаж байна. Мальдив Улсын Хүний эрхийн Комиссын Ерөнхийлөгч Мариам Муна тус улсын төсвийн 50 хувь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүссэн гамшигт зарцуулагдаж байгаа бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд Мальдив Улс “үгүй” болох эрсдэлтэйг учирлаж байгаа нь бодит байдал юм.
- Дэлхийн хүн амын 60 хувь оршин суудаг Ази тивд бүс нутгийн хүний эрхийг хамгаалах механизм үгүй боловч 27 улсын ХЭҮБ-аас Ази-Номхон Далайн Улсуудын ХЭҮБ-уудын Чуулган (АНДУХЭҮБЧ)-ыг байгуулж, хүний эрхийн тулгамдсан асуудлаар хамтран ажилладаг. Уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрхийн сөрөг нөлөөллийг бууруулах нь тус Чуулганы 2022-2027 оны Стратегийн гурван зорилгын нэг юм. Энэ хүрээнд 2023 онд БНЭУ-д зохион байгуулсан 28 дугаар хуралдаанаас Делигийн Тунхаглалыг баталж, бодлогын асуудлуудыг тодорхойлсон.
- Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар манай бүс нутгийн ХЭҮБ-ууд цөөнгүй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн дотор Филиппин Улсын Хүний эрхийн Комисс олон нийтийн хяналт шалгалт, Самоа Улсын Хүний эрхийн Комисс өндөр хэмжээний бодлогын хэлэлцүүлэг, Тайланд, Фижи Улсын Хүний эрхийн Комиссоос олон нийт, иргэдийнхээ үзэл бодлыг сонсох ажиллагаа явуулж байна.
- Монгол орны уур амьсгал сүүлийн 70 жилийн хугацаанд дэлхийн дунджаас бараг гурав дахин хурдан дулаарч байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй улсын тоонд орж байна. Сибирийн тавцангийн өмнөд хэсэгт байрладаг манай улсын нутаг дэвсгэрийн 29.3 хувь нь мөнх цэвдэг дээр байрладаг. Өнгөрсөн 40 жилд энэ мөнх цэвдэг бүрхүүлийн 33.7 хувь нь үгүй болсон бол ирэх 2050 он гэхэд 33-61 хувиар багасах тооцоолол бий. Монгол Улсын мөнх цэвдэг үгүй болоход Увс, Хөвсгөл зэрэг томоохон нуур ширгэж, олон зуун мянган өрх айл амьдрах нөхцөлгүй болж, ундны усны хомсдол үүсэх юм.
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах төрийн бодлого бий болгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчлийг баримтжуулан Улсын Их Хуралд илтгэх, байгаль орчны асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах, эрх нь зөрчигдсөн иргэдийг хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч ирсэн гэдгийг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд Хүний эрх, бизнесийн эгэх хариуцлагыг дэмжих нь” сэдэвт арга хэмжээний үеэр онцолж, оролцогчдод үйл ажиллагааг дэлгэрүүлэн танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.