Дэлхийн “Чанарын өдөр”-ийг тохиолдуулан ЦССҮТ 2024 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд хэд хэдэн хөтөлбөрт үйл ажиллагааг хэрэгжүүлэв. Тухайлбал, Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран “Шинэчлэгдэн батлагдсан MNS ISO 15189: 2024 ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИ-ЧАНАР БА ЧАДАВХИД ТАВИХ ШААРДЛАГА” сэдэвт сургалт зохион байгуулсан бол өнөөдөр “Үйлчлүүлэгчээ сонсцгооё” чанарын өдөрлөгийг цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэгч улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулан зохион байгууллаа.
Эрүүл мэндийн байгууллагуудын 50 гаруй төлөөлөл оролцсон уг өдөрлөг дээр ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ албархаг гэдэг талаасаа илүү нээлттэй, илэн далангүй ярилцаж, санал бодол, туршлагаа
солилцохыг оролцогсдоос хүссэн юм. ЦССҮТ-ийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Э.Тунгалагтуяа ЦССҮТ-ийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж буй олон улсын стандартыг танилцуулсан бол ЦССҮТ-ийн Үйлдвэрлэлийн тасгийн эрхлэгч Б.Оргил “Цус, цусан бүтээгдэхүүний захиалга өгөх, хүлээн авах хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд анхаарах зүйлс”, ЦССҮТ-ийн Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч М.Цэрэндэжид “Лавлагаа шинжилгээний сорьц авах, илгээх, хариу авахад анхаарах зүйлс”, ЦССҮТ-ийн Захиргаа маркетингийн албаны Эдийн засагч, статистикч Л.Өнөрбаяр “Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээний тайлан гаргахад анхаарах зүйлс” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Мөн ЦССҮТ-ийн Санхүү бүртгэлийн албаны тооцооны нягтлан бодогч Б.Алтанзул Цус, цусан бүтээгдэхүүний өр, авлагын мэдээллийг танилцуулав. Сургалтад оролцсон эмнэлгийн ажилтнууд хариуцсан ажилтайгаа холбоотой олон чухал мэдээлэл авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.