“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” уламжлалт өдөрлөгийн 116 дахь арга хэмжээ өнөөдөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН) дээр боллоо.
ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ “Сарын бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр бол ЦССҮТ-ийн брэнд болсон ажлын нэг. Энэ өдрийн хүрээнд ачтан доноруудаа алдаршуулахаас гадна донорын үйлсийн сургалт, сурталчилгааны ажил давхар зохиогддог. МУЗН-ийн хувьд энэхүү уламжлалт өдөрлөгийг эхнээс нь дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд бид бүхэн талархалтай байдаг” гээд МУЗН сайн дурын, авлагагүй донорын эгнээг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийн арга хэмжээнд оролцсон МУЗН-ийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга Б.Гантулга хэлсэн үгэндээ ЦССҮТ-тэй цаашид ч хүмүүнлэгийн үйлсэд мөр зэрэгцэн алхахаа илэрхийлсэн юм.
Өдөрлөгийн хүрээнд донор Б.Одонтунгалагт “Бахархал-10”, донор Б.Билгүүнд “Бахархал-20”, донор Б.Маргад-Эрдэнэд “Бахархал-30”, донор Н.Идэржавхланд “Бахархал-40”, донор П.Батцоожид “Бахархал-50” тэмдгийг нь гардуулж, алдаршууллаа. Мөн донор С.Мөнх-Очирт ХҮРЭЛ ДОНОР цол хүртээв.
Мөн Хүндэт донор Д.Хаянхярваа, Мөнгөн донор Ц.Цэвээнпүрэв, Ж.Даваадагва, Б.Гантулга нарт Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Мөнгөн донор Ч.Анхбаяр, Д.Баттөр, Л.Нацагдорж, Д.Даваажаргал нарт Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг хүртээснийг Н.Эрдэнэбаяр, Б.Гантулга нар гардууллаа.