Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлын үед ДЭМБ нь Монгол Улсын Ковид 19 халдварын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний ажлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байхад анхааран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сараас эхлэн 2 сая ам.долларын санхүүжилттэй арга хэмжээ, дэмжлэгийг үндэсний ба орон нутгийн хэмжээнд зохион байгуулан, эрүүл мэндийн байгууллагуудыг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах, түүнчлэн эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь коронавируст халдварын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ цар тахлын энэ амаргүй цаг үед эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байхад анхааран ажиллаж байгаа билээ. Бид бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн түвшинд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхээс гадна эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл зэрэг шаардлагатай нөөцөөр хангах, бидний эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангах үүднээс тэднийг чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Хаврын урин дулаан улирал эхэлж байна, гэхдээ бид бүхэн Монголын өвөл ямар хатуу болохыг мэднэ. Тиймээс өвлийн бэлтгэлийг хангахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийг дэмжин 1.5 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр хангаад байна. Энэхүү дэмжлэг, мөн Ковид-19-ийн бэлэн байдлаг хангах дэмжлэгийн хүрээнд өнөөдөр лавлагаа шатлалын эмнэлгүүд болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд нийт 6.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий дараах эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг хүлээлгэн өгч байна. Үүнд:
- Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг болгох зорилгоор 75 амьсгалын аппарат /5,683,321,620 төгрөг/
- Орон нутагт эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл болох хяналтын монитор, нярайн дулаацуулагч, хүүхдийн шарлалтыг эмчлэх фото аппарат, төрөх ор, Кесаров хагалгааны хэрэгсэл, пульс оксиметр, амьсгал тоологч, хүүхдийн даралтны аппарат, багцийн жин, хүүхдийн өндөр, урт хэмжигч, автомат дуслын шахуурга амбу /295,628,800 төгрөг/
- Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудын өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг мобайл технологи технологийн багц буюу мобайл ЭХО, ЭКГ, даралтын аппарат болон мэдээллийг нэгтгэх, боловсруулахад шаардлагатай мэдээлэл технологийн хэрэгсэл, мөн багийн эмч нарт нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй эмнэлгийн багаж, хэрэгсэл,оношлуурууд /793,030,680 төгрөг/
- Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын шатлал хоорондын тогтолцоог явуулын тусламж үйлчилгээгээр бэхжүүлэх арга хэмжээг дэмжиж “Мобайл Клиник”-ийн багц буюу зөөврийн ЭХО, ЭКГ, биохимийн анализатор, ургийн монитор, генератор зэрэг эмнэлгийн тоног төхөрөөмж, хэрэгсэл /40,489,500 төгрөг/
- Говь сүмбэр аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд /30,745,000 төгрөг/
Коронавируст халдварын цар тахлыг даван туулахад хариу арга хэмжээг бэхжүүлэх, улмаар Тогтвортой хөгжлийн зорилт, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхэд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлээхд бид Эрүүл мэндийн яам, хандивлагч болон түншлэгч байгууллагуудтай хамтран ажилласаар байх болно.