ЭМЯ-аас Короновируст халдварын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нөөцийг зөв зохион байгуулж, ашиглах замаар хүний нөөцийг чадавхижуулах, бэлэн байдлыг хангах зорилготой PCR шинжилгээ хийх Үндэсний хэмжээний молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгуулж, өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон бусад албаны хүмүүс лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийллээ.
УНТЭ-т лаборатори нээснээр Улаанбаатар хотод ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гээд нийт дөрвөн газарт PCR шинжилгээг зэрэг хийх боломжтой болж байна. Энэ нь Улаанбаатар хотын PCR шинжилгээний хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлж байгаа юм.
УНТЭ-ийн түр лабораторид 32 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 3 ээлжээр ажиллахаар бэлэн байдлаа хангаад байна. Тодруулбал, ажиллах боловсон хүчнийг сургалтад хамруулж бэлтгэн, орон нутгийн долоон аймгаас 14 эмч, лабораторийн ажилтныг татан байршуулж ажиллуулж байна. Мөн орон нутгийн болон УНТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллах хугацаанд байрлах байр, хоолны зардлыг ЭМЯ бүрэн хариуцаж, анхаарч байна.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 9 эмнэлгийн байгууллагад /ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, 6 дүүрэг/ нийт 20ш PCR аппарат, 18ш нуклейн хүчил ялгагч аппараттай 24 цагт 7680 сорьцод, 4-лөсөн багцийн шинжилгээг 30,720 сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори ажиллаж байна.
Монгол улсын хэмжээнд коронавирусийн голомтууд хумигдаж, өдөрт илрэх ковидын тохиолдлын тоо бага байгаа боловч хамгийн эрсдэлтэй цаг үеийг тооцоолон бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
УНТЭ-ийн түр лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллахад ажлын 8 цагт 960, 24 цагт 1920, 4-өөр багцалж шинжлэхэд 7680 шинжилгээ хийх боломжтой бөгөөд хоногт 38,400 молекул биологийн шинжилгээ хийснээр УБ хотын хэмжээнд хийх PCR шинжилгээний хүчин чадал 25% хувиар нэмэгдэх юм.
Цаашид дээрх аппарат тоног төхөөрөмж нь COVID-19 халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх нэн шаардлагатай аппаратууд юм.