Азийн цус сэлбэлтийн холбоо /АЦСХ/-ны XV дугаар их хурал 2019 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд “Цус сэлбэлт: Өнөөдрийн амжилтаас маргаашийн дэвшил” уриан дор Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү их хурлын өмнө 9 дүгээр сарын 11-нд “Чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр зохион байгуулах ач холбогдол, давуу тал, бэрхшээл” сэдэвт Олон улсын сургалт семинар ЦССҮТ-д болсон юм. Үр дүнд нь нийслэл Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн лабораторийн эмч, мэргэжилтэн, ЭМЯ-ны лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл, үндэсний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр зохион байгуулагч лабораторийн эмч, мэргэжилтнүүд гадаадын эрдэмтэн судлаач, профессоруудаас шинэ мэдлэг, мэдээлэл олж, харилцан туршлага солилцож, ур чадвараа сайжруулсан. Харин 9 дүгээр 12-13-нд АЦСХ-ны XV их хурлын албан ёсны арга хэмжээ “Корпорэйт конвеншн центр” төвд амжилттай болж өндөрлөлөө. Анх удаагаа Монгол Улсад зохион байгуулагдсан уг Олон улсын хуралд 22 орны нийт 380 орчим төлөөлөгч оролцсон юм.
Хурлын үр дүнд бүс нутгийн хэмжээний Цусны албаны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, харилцан туршлага солилцсоноос гадна ДЭМБ-аас тавьж буй зорилтыг хэрхэн хангах вэ, бүх нийтийн амралтын өдрүүдэд цусны нөгөө хэрхэн бүрдүүлэх вэ зэрэг асуудлын хүрээнд өргөн хэлэлцүүлэг явуулав. Түүнчлэн хурлын төлөөлөгчид цусны чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудаа хэлэлцүүлсэн бөгөөд Цусны аюулгүй байдлыг хангах чиглэлээр томоохон дэвшил авчирсанд XV их хурлын онцлог оршиж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ анх удаагаа бүсийн том арга хэмжээ болсныг онцлов.
“XV их хурлын ач холбогдол нь Цусны албаны эмч, мэргэжилтнүүдээс гадна эмнэлгийн байгууллагын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлж, цусны албаны цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр болох ач холбогдолтой арга хэмжээ боллоо. 22 орны төлөөлөгчид Цусны албаныхаа үйл ажиллагаа, зорилго, зорилтоо танилцуулж, харилцан туршлага солилцсон нь энэхүү онцгой албаны цаашдын хөгжил болон Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлын улам бүр бэхжүүлэх, авлагагүй донорын эгнээг өргөжүүлэхэд том үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан төлөөлөгч болгон санал нэгтэйгээр онцлов.
Бүгд Найрамдах Турк Улсын Цус сэлбэлтийн сангийн гишүүн доктор Нури хэлсэн үгэндээ “Н.Эрдэнэбаяр захиралтай ЦССҮТ том амжилтад хүрчээ. Та бүхэн энэхүү ололт амжилтаараа бахархах ёстой” гэсэн юм. Хурлын үр дүнд АЦСХ ЦССҮТ-тэй цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцаж, арга замаа тохиролцлоо.