Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн цус сэлбэлтийн холбооны XV их хурлын хүрээнд “Чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр зохион байгуулах ач холбогдол, давуу тал, бэрхшээл” сэдэвт Олон улсын сургалт семинар 2019 оны 9 дүгээр сарын 11-нд ЦССҮТ-д болно. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдэд чанарын менежментийн тогтолцоо, чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийн талаар цогц мэдээлэл өгч, олон улсад хэрэгжиж буй чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн давуу тал, бэрхшээлийн талаар мэдлэг олгох зорилготой уг семинарыг Монгол Улс, БНХАУ, Иран улс хамтран анх удаа зохион байгуулж байгаа юм.
Сургалтад гадаадын талаас Шанхайн цусны төвийн дэд захирал, доктор, профессор Зу Зиян, Шанхайн цусны төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч доктор, профессор Ван Хун, Ираны цусны банкны Лабораторийн тэргүүн дэд профессор Амини Седигхэх, Монголын талаас Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх, доктор профессор Г.Наран, ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга, АУ-ны магистр, клиникийн профессор Т.Алимаа, ХӨСҮТ-ийн Энтеро вирус, гепатитын лабораторийн эрхлэгч, АУ-ны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч Г.Сарантуяа нар Чанарын менежментийн тогтолцоо, гадаад үнэлгээний чиглэлээр лекц уншина. Сургалт харилцан яриа, асуулт, хариулт, туршлага солилцох хэлбэрээр идэвхтэй уур амьсгал дунд өрнөнө.
Азидаа төдийгүй дэлхийн хэмжээнд үйл ажиллагааг явуулж, гишүүн орныхоо Цусны төвийн үйл ажиллагааг тухайн цаг үеийн шинэ хандлагатай уялдуулан сайжруулах чиглэлээр дэвшилтэт бодлого, үйл ажиллагаа явуулж ирсэн Азийн цус сэлбэлтийн холбооны ээлжит их хурлын хүрээнд зохион байгуулагдах дээрх сургалт семинарын үр дүнд нийслэл Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн лабораторийн эмч, мэргэжилтэн, ЭМЯ-ны лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл, үндэсний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр зохион байгуулагч лабораторийн эмч, мэргэжилтнүүд шинэ мэдлэг, мэдээлэл олж, харилцан туршлага солилцож, ур чадвараа сайжруулах юм. Хамгийн гол нь өндөр зардал гаргаж гадаад орон руу сургалтад явалгүйгээр эх орондоо олон улсын туршлагаас суралцах маш том боломжийг олгож байгаад уг арга хэмжээний ач холбогдол оршино.