ЦССҮТ 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт АХБ-ны ЭМСХХ-5 төслийн дэмжлэгтэйгээр Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтыг гадаадын байгууллагаар хийлгэх зорилтыг тусгасан билээ. Энэ хүрээнд 2019 оны 1 дүгээр сард Англи улсын “LIoyd Register” компанийн төлөөлөгч ирж ЦССҮТ-ийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар тус компанийн БНХАУ-ын Шанхай хот дахь төлөөлөгчийн газрын ахлах аудитор Фанг Зи өнгөрөгч 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд ЦССҮТ-д ажиллаж анхан шатны үнэлгээ хийсэн юм.
Нэгдүгээр шатны хаалтын хурал дээр ноён Фанг Зи үнэлгээний дүгнэлтийг танилцуулахдаа ЦССҮТ-ийг Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч, ISO 9001:2015 стандартыг хангасан хоёрдугаар шатны үнэлгээнд орох эрх бүхий байгууллага болохыг мэдэгдсэн.
Фанг Зи 2019 оны 5-р сарын 6-нд хоёрдугаар шатны үнэлгээний ажлаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр хаалтын хурлаа хийлээ. Ноён Фанг Зи ЦССҮТ-ийн хамт олныг чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, нээлттэй ажиллаж чадаж байгааг тэмдэглээд хоёрдугаар шатны үнэлгээ амжилттай өндөрлөснийг мэдэгдэв. Улмаар “Үнэлгээний тайлангаа компанийн удирдлагын зөвлөлдөө танилцуулж, тэнд баталгаажуулалтын гэрчилгээ олгох асуудлыг шийднэ” гэлээ.
ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр хаалтын хурал дээр хэлсэн үгэндээ “Юуны өмнө гуравдахь удаагаа ЦССҮТ-д ажилласан ноён Фанг Зи танд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар итгэмжлүүлэхийн тулд шат шатны хяналт үнэлгээ, аудит хийлгэж ажилласан. Үүний үр дүнд төвийн үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд ойрхон ирсэн гэж үзэж байна. Таны энэ удаагийн үнэлгээгээр өгсөн үнэтэй зөвлөмж, санал дүгнэлтийг бид үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болно. Таны ажлын ур чадварт талархаж байна” гэлээ.