НЗДТГ, ОБЕГ-тай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжиллээ. Уг нэгдсэн цогц арга хэмжээний хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн хамтарсан хээрийн сургууль /эмнэлэг/ өнөөдөр Хүй долоон худагт боллоо. Газар хөдлөлийн гамшигт нэрвэгдэгсдэд хээрийн эмнэлэг ямар тусламж үзүүлж, амь насыг нь аврахын төлөө нэгдсэн ямар арга хэмжээ авч болохыг уг хээрийн сургуулиас харж болохоор байлаа. Төвүүд тус тусдаа бэлтгэлээ хангаж улмаар гамшигт өртөж бэртэж гэмтсэн, сэтгэл санааны хүнд цохилт, цочиролд орсон хүмүүст шинэ суурьшлын бүсэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээг тодорхой төлөвлөсөн гэсэн үг.
Уг үйл ажиллагаатай Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр зэрэг албаны хүмүүс очиж танилцсан бөгөөд шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд газар хөдлөлийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж буй тухай үзүүлэх сургуулийг сонирхсон юм. ОБЕГ-ын дарга Т.Бадрал үзүүлэх сургуулийн дараа хэлсэн үгэндээ “Эмнэлгүүдэд хүн хүч, ажил мэргэжлийн чадвар, чадавх байна. Гагцхүү нөөц бололцоо дутагдаж байгаа нь харагдлаа. Тэр нь ус, хүнсний хангамж зэрэг өөр бусад чухал хэрэгцээтэй зүйлс юм. Энэ удаагийн сургууль маш олон зүйлийг ойлгуулсан гэдэгт итгэж байна. Гол дүн нь энэ юм. Дараа жил яг энэ хэлбэрийн сургууль хийх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.
ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр газар хөдлөлийн гамшигийн үед Цусны албаны гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар танилцуулж энэхүү арга хэмжээнд ямар түвшинд оролцож гамшиг ослын үед олон улсын стандартад хангасан ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх тухайгаа илтгэв.
Дашрамд дурдахад өнөөдөр газар хөдлөлтийн гамшигийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдсан бөгөөд ЦССҮТ 5 цэгт өндөр бэлтгэлтэйгээр хамрагдсан юм.