\r\n\r\n\r\n\r\n”Цусны албаны үйл ажиллагаанд ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх нь” сэдэвт ЦССҮТ-ийн эмч, ажилтнуудад зориулсан 4 өдрийн сургалт төвийн хурлын танхимд өнөөдөр эхэллээ. АХБ-ны “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд зохион байгуулж буй уг сургалтын зорилго нь ЦССҮТ-ийн тасаг, алба, нийт ажилтан бүрийн үүрэг, хариуцлага, ажлын чанарыг байнга сайжруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн хөгжүүлсэн үзүүлэлтийг хэлэлцэн баталгаажуулахад оршиж буй юм.\r\nСургалтын эхний өдөр төвийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр “ЦССҮТ-д чанарын менежментийн тогтолцоо, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн лабораторид тавигдах шаардлага” сэдэвт лекц уншиж, байгууллагын зорилт, эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд ажилтан бүрийн гүйцэтгэх үүрэг, түүний үр дүн, ач холбогдлын талаар онцлов.\r\nМөн Стратеги төлөвлөлт, санхүү бүртгэлийн албаны дарга Ч.Батболд “ЦССҮТ-ийн стратеги төлөвлөгөөний 2018 оны хэрэгжилт, үр дүн, анхаарах зүйлс”, Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа “2018 оны 5 дугаар сард Олон улсын зөвлөхийн хийсэн урьдчилсан аудитын зөвлөмж хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт” сэдэвт лекцийг тус тус уншсан бол төвийн дотоод аудитор А.Амар 2018 оны төвийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хийсэн аудитын тайлан, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.