Уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 3-нд боллоо. Энэ удаагийн хүмүүнлэгийн арга хэмжээнд аялал жуучлалын салбарынхан оролцож, хоёрдахь жилдээ хамтран тэмдэглэв. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр тус салбарынханд талархал дэвшүүлж хэлсэн үгэндээ “7-8 дугаар сард бүлгийн хамааралтай цусны захиалга нэмэгддэг. Үүнээс болоод 2, 3 дугаар бүлгийн цусны хомсдол үүсэх магадлал байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс ЦССҮТ зуны амралтын улиралд бодлогоор арга хэмжээ авдаг юм. Энэхүү үйл ажиллагааг нь маань дэмжиж, хоёрдахь дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бүхэндээ маш их баярлалаа” гэв. Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр болон “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг хамтран тэмдэглэх санаачилга гаргасан тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Барсболд нар хариу талархал илэрхийлж үг хэлэхдээ “Бусдын тусын тулд цусаа бэлэглэж байгаадаа баяртай байна” гэлээ. Мөн Нийслэлийн аялал жуулчлалын газрын төлөөлөл хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн юм.\r\nНээлтийн арга хэмжээний дараа Монголын аялал жуучлалын холбоо, түүний гишүүн байгууллагууд буюу аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл нийт 30 гаруй хүн цусаа бэлэглэлээ.\r\nЭнэ өдрийн хүрээнд ачтан доноруудаа шагнаж алдаршуулсан бөгөөд “Мөнгөн донор”-оор өргөмжлөгдсөн С.Гантулгыг Монголын аялал жуулчлалын холбооноос БНХАУ-ын Манжуур хотод аялах эрхийн бичгээр шагнаж, “Хүрэл донор”-оор өргөмжлөгдсөн донор Б.Оюун-Эрдэнэ, Ч.Болормаа, В.Сарантуяа нарт “Ибис” зочид буудал, “Бумбан тур” амтралтад амрах эрхийн бичиг гардууллаа.\r\nМөн энэхүү уламжлалт өдрийг тохиолдуулан “Бахархал 50” тэмдгийг донор Т.Улсболд, “Бахархал 40” тэмдгийг донор Г.Ариунболд, “Бахархал 30” тэмдгийг донор Э.Алтанцэцэг, “Бахархал 20” тэмдгийг донор Т.Дээдэнцэцэг нарт хүртээлээ.
\r\n
\r\n
\r\n