ЦССҮТ-ийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй дэмжиж хамтран ажилладаг. Сүүлийн жилүүдэд өөрсдийн сонирхол, хоббигоороо эвлэлдэн нэгдэж, клубын зохион байгуулалтад орсон иргэд ч ЦССҮТ-ийн уриалгын дагуу цусаа бэлэглэх сайн үйлсийн аянг зохион байгуулах болсон юм. Тэдний нэг бол “Үнэртэй усанд дурлагсдын клуб” хэмээх фейсбүүк группийнхэн.\r\n2013 онд анх байгуулагдсан тус клуб 2015 оноос эхлэн ЦССҮТ-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, улмаар гишүүд болон иргэдэд хандаж цусаа бэлэглэхийг уриалах болжээ.\r\nТэд 4 жилийн ойн хүрээндээ цусаа бэлэглэх аянг 2017 оны 11 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд ЦССҮТ-ийн төв байранд зохион байгуулахаар болсон бөгөөд тэдний санаачилгыг “Наран тюлип” дэлгүүр, “Таван богд окситан” брэнд дэмжиж энэ өдөр цусаа бэлэглэсэн доноруудад гарын бэлэг гардуулах юм. Мөн клубын идэвхтэй гишүүд хувиасаа сүрчигний дээж бэлэглэнэ.\r\n“Нэг хүний өгсөн цус 3 хүний амийг авардаг. Энэ үүднээс бид 2015 оноос эхэлж ЦССҮТ-тэй хамтран 3 дахь жилдээ цусаа бэлэглэх аянг зохион байгуулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 7-нд манай клубын 3 жилийн ой тохиож байгаа. Бид ойн хүрээндээ 11 дүгээр сарын 2-3-нд ЦССҮТ-ийн төв байранд цусаа бэлэглэх 2 өдрийн арга хэмжээг санаачлан зохион байгуулна. Бидний санаачилгыг дэмжиж энэ өдрүүдэд цусаа бэлэглэсэн доноруудыг гарын бэлгээр урамшуулсан “Наран тюлип” дэлгүүр болон “Таван богд” группт талархаж байна. Хамгийн гол нь уриалгыг маань сонсч, цаг зав гаргаж цусаа бэлэглэж байгаа донорууддаа баярлалаа” хэмээн клубын удирдагч М.Энхбаяр хэллээ.\r\n“Өнөөдөр сошиал ертөнц томоохон орон зайг эзэлж байна. Энэ давуу талыг ашиглаж бидний үйл ажиллагааг дэмжиж, цусаа бэлэглэх иргэдийн хандлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа “Үнэртэй усанд дурлагсдын клуб” хэмээх фейсбүүк группийн бүсгүйчүүд, залуустаа талархал илэрхийлье” гэж ЦССҮТ-ийнхөн ярилаа.\r\n\r\n