“Цус бүлэгнэлтийн эмгэгийн менежмент” сэдэвт төгсөлтийн дараахь богино хугацааны сургалт 2017 оны 9 дүгээр сарын 14-нд ЦССҮТ-д эхэллээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн эмч, тусгай мэргэжилтнүүдэд цус бүлэгнэлтийн эмгэгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг зөв зохион байгуулах, шинэ мэдлэг олгох зорилготой уг сургалтанд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цусны эмч нар, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн өрх хариуцсан эмч мэргэжилтэн, физик эмчилгээний эмч, сувилагч нийт 50 хүн хамрагдаж байгаа юм. Сургалтыг нээж ЦССҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр үг хэлж, амжилт хүслээ.\r\nУг сургалтад Канадын Хемофилийн Холбооны гүйцэтгэх захирал Кристина Кейлбайк, Дэлхийн Хемофилийн Холбооны Зүүн өмнөд Азийг хариуцсан бүсийн менежер Сечи Сатафади, Канадын “Винипег” эрүүл мэндийн төвийн физик эмчилгээний судлаач Кедлийн Жи Мюлдер нар Дэлхийн хемофилийн холбооны үйл ажиллагааны талаар болон “Хемофили өвчний удам зүйн асуудал”, “Хемофили өвчний ангилал, илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүд, урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр сонирхолтой лекц уншиж, харилцан ярилцлаа.\r\nХоёр өдөр үргэлжлэх уг сургалтын ач холбогдол нь Хемофили өвчний үед үзүүлэх цогц тусламж үйлчилгээний талаар шинэ мэдээлэл өгөх, уг өвчний үүсэх шалтгаан, эмгэг жам, үндсэн шинж тэмдгүүд, үзүүлэх тусламж, цус харвасан үед нөхөн сэргээх эмчилгээг үзүүлэх, цус харвасан үед хийх дасгал хөдөлгөөний тухай нотолгоонд тулгуурласан мэдээлэл өгөхөд оршино.\r\nСтатистик мэдээ бүртгэлээс үзэхэд манай улсад одоогоор нийт 102 хемофилитэй өвчтөн бүртгэгдсэн бөгөөд үүний цаана 200 орчим хүн оношлогдоогүй байх магадлалтай юм. Иймд өрх, сумдын эмнэлгийн эмчээс эхлээд, нарийн мэргэжлийн нийт эмч нарыг хүртээмжтэй, цогц сургалт, мэдээллээр хангах, ll, lll шатлалын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэлтийг өргөжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах шаардлага тулгарч байгаа аж.
\r\n