Цус сэлбэлт, судлалын үндэсний төв “Цусны албаны хөгжил ба технологийн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний Xlll бага хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр шинэ байрандаа амжилттай зохион байгууллаа. Цус сэлбэлт судлал, цусны албаны өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эмч, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүн, судалгааны бүтээлүүдийг хэлэлцүүлэх, нийтэд түгээн таниулах, эрдэм шинжилгээний бүтээл бичих чадварыг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилготой тус эрдэм шинжилгээний бага хуралд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс гадна Шинжлэх ухааны академи, АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургуулийн эрдэмтэн судлаач, багш нар, Дорнод, Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн Цусны салбар төвийн эрхлэгч эмч нар оролцсон юм. ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа нарын хэлэлцүүлсэн “Цусны ховор бүлэг ба Лавлагаа лаборатори” сэдэвт илтгэл шилдэг илтгэлээр шалгарсан бол Хөвсгөл аймгийн Цусны салбар төвийн эрхлэгч М. Батсайхан “Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн зарим тасгуудын хэрэглэсэн цус цусан бүтээгдэхүүний хэмжээг бусад аймгуудтай харьцуулан судалсан нь” сэдэвт илтгэлээрээ шилдэг “Ханан илтгэл”-ийн эзэн болсон юм.
\r\n