\r\n\r\n\r\n\r\n\r\n\r\n\r\n\r\n\r\n\r\n \r\n
Жил бүрийн 6 дугаар сарын 14. Энэ бол эгэл жирийн өдөр биш. Яагаад гэвэл дэлхий нийтээр бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудад талархал илэрхийлэх, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Цусны Донорын Дэлхийн Өдөр (ЦДДӨ) учраас тэр. Өөрөөр хэлбэл, дэлхийн өнцөг булан бүрт аж төрөн суугаа хүмүүнлэгийн үйлстнүүддээ талархал илэрхийлдэг онцгой өдөр юм. Тийм ч учраас “Ач санах, ариун сэтгэлтнүүдийг алдаршуулах өдөр” гэж үздэг.
\r\n
2017 онд ЦДДӨ-ийг дэлхий дахинд гамшиг ослын бэлэн байдлыг хангах, ялангуяа онцгой байдал үүссэн үед цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд төр засгийн анхаарлыг хандуулж байна. Иймд ЦССҮТ-өөс ЭМЯ, МУЗН, ОБЕГ-тай хамтран энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд Монгол Улсад анх удаа гамшгийн үеийн цусны нөөц төвийг бий болгож, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа аж.
\r\n
ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр ЦДДӨ-ийн нээлт дээр хэлсэн үгэндээ “ЦССҮТ болон аймаг орон нутгийн Цусны салбар төвүүд техник, тоног төхөөрөмжийн хувьд иж бүрэн шинэчлэгдсэнээр нөөц хадгалах боломж УБ хотод 3 дахин, улсын хэмжээнд 5 дахин нэмэгдээд байгаа нь Монгол Улсын төрөөс цусны аюулгүй байдлыг хангах чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл” хэмээн онцоллоо.
\r\n
Тэрбээр мөн “2016 онд Улаанбаатар хотод 25380, хөдөө орон нутагт 7620 донор буюу улсын хэмжээнд нийт 33000 орчим донор цусаа бэлэглэж, 15 нэр төрлийн 82 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд цус өгөлтийн тоо сүүлийн 5 жилд 70 хувиар өссөн бөгөөд 2016 онд 1000 хүнд цус өгөлтийн тоо 1,1%, Улаанбаатар хотын хэмжээнд энэ үзүүлэлт 1,8%-д хүрсэн байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнд очсон үзүүлэлт юм. Түүнчлэн 2016 онд Монгол Улс анх удаа 100% авлагагүй сайн дурын донортой орнуудын эгнээнд нэгдэж бахархам амжилтаар бид ЦДДӨ-өө угтаж байна” хэмээн тэмдэглэв.
\r\n
Дээрх өдрийн хүрээнд 2017 онд 35 түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн 52 донор шинээр Хүндэт донорын эгнээнд нэгдсэнийг зарлаж, талархал дэвшүүлсэн нь ачтан доноруудаа алдаршуулах, урамшуулах ажлын нэг хэсэг аж. Энэ жил хамгийн залуу Хүндэт донороор 21 настай Баасанхүүгийн Бямбажав тодорлоо. Мөн Монгол Улсад анх удаа 200-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Доржийн Бум-Эрдэнэ гэдэг эгэл жирийн залууг анхны “Топ донор”-оор өргөмжилж түүхэн амжилтын эзнээр алдаршууллаа.
\r\n
МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” медалиар Батмөнхнар, Уламбаяр нарыг шагнасан бол Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс гурван “Донор гэр бүл”-ийг урамшуулан алдаршууллаа.
\r\n
ЦССҮТ болон МУЗН жил бүр нийслэл, дүүргийн хэмжээнд ажлын үр дүн, үзүүлэлтээр нь донор элсүүлэгчдийн ажлыг дүгнэдэг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүргийн Улаан загалмай хороо тэргүүн байр, Монголын донорын холбоо дэд байр, Чингэлтэй дүүргийн Улаан загалмай хороо гуравдугаар байранд тус тус шалгарсныг үйл ажиллагааны үеэр гардуулав.
\r\n
Мөн энэ өдөр байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багшийн Сургууль, Зэвсэгт хүчний 326-р анги, Улаанбаатар хотын Цагдаагийн газар зэрэг байгууллагууд “Донор хамт олон”-оор өргөмжлөгдлөө.
\r\n
Донорын эгнээг өргөжүүлэх хүмүүнлэгийн үйлсэд JCI капитал, Талх Чихэр ХК, Сүү ХК, Монголын гэр бүл сайн сайхны нийгэмлэг, Монос групп,Ганаа майхан, Хүнс комплекс, Тесо групп , Чиглэл ХХК, “Уорлдвайд коннекшн” ХХК, “ЭM-CИ-ЭС Коко Кола” ХХК, АЙВИКО тарилгын эмийн үйлдвэр, Бурхны сүм сайн мэдээний авралын зар нийгэмлэг зэрэг олон байгууллага болон иргэд хамтран ажилласанд талархал илэрхийллээ. Мөн донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар Монгол HD телевиз, www.times.mn сайт тус тус шалгарлаа.
\r\n