\r\n\r\n\r\n\r\n\r\n
ЭМЯ-наас баримталж буй бодлогын хүрээнд ЦССҮТ-өөс “Цахим төв” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Үндэсний цахим семинар 2017 оны 5-р сарын 30-нд тус төвд эхэллээ. Анх удаа зохиогдож буй энэхүү үйл ажиллагаанд нийт 21 аймаг, нийслэлийн Багануур, Налайх дүүрэг, Хархорин, Зүүнхараа, Тосонцэнгэл сумдын Цусны салбар төвийн эрхлэгч эмч, мэргэжилтнүүд болон Нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны дарга, холбогдох хүмүүс оролцов.\r\nЦССҮТ-өөс тус төвийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр, Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, Стратеги төлөвлөлт, санхүү бүртгэлийн албаны дарга Ч.Батболд, Эрдэм шинжилгээ, хүний нөөц, хамтын ажиллагааны албаны дарга Б.Цогбадрах, Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч Н.Халиун, Донор зохион байгуулалтын тасгийн эмч Р.Энхтуяа, Мэдээллийн технологи, инженер техникийн тасгийн эрхлэгч Ч.Далайцэрэн зэрэг холбогдох мэргэжилтнүүд оролцож сүүлийн жилүүдэд Цусны албанд нэвтэрч байгаа шинэ технологиудыг нутагшуулах, цусны аюулгүй байдлыг хангах, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр орчин үеийн мэдлэг олгох сургалт хийв.\r\nМөн АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр аймгуудад суурилуулсан тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг сайжруулах чиглэлээр мэргэжил аргазүйн дэмжлэг зөвлөмж өгч, тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцлаа.\r\nСургалт семинарын үеэр захирал Н.Эрдэнэбаяр 6 дугаар сарын 20-нд болох хоёрдахь цахим сургалт семинар дээр аймгуудын Цусны салбар төвүүд өөрсдийн сайн гэсэн 5 туршлагаа танилцуулахыг даалгав. Аймгуудын эмч ажилтнууд цаг хугацаа хэмнэсэн үр дүнтэй арга хэмжээ болж байгаад олзуурхаж байгаагаа илэрхийлэв. Семинарын төгсгөлд 2016 оны үйл ажиллагаагаараа бусдыгаа хошуучилсан аймгуудын Цусны салбар төвүүдийг урамшуулсныг танилцууллаа.