\r\n\r\nМУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Засгийн газрын энэ оны 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг баталлаа. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийг иргэдэд танилцуулан албан ёсоор хэрэгжүүлж эхэлж байна. “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар дараах ажлыг хийнэ. Үүнд:\r\n\r\n2017 онд 40-65 насны бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В, С вирүс илрүлэх шинжилгээнд хамруулна. Цаашид хамрах хүрээг өргөтгөн 15-65 насны нийт хүн амыг хамруулах юм.\r\n\r\nӨрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В, С вирүсийн халдвартай илэрсэн бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораторуудад вирүс тоолох шинжилгээнд хамруулна.\r\n\r\nЭлэгний В, С вирүс тээгч болон элэгний архаг өвчтэй, хатууралтай иргэд байвал элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамруулна. Эрт илрүүлэг үзлэгт орж буй зорилтот бүлгийн хүнд элэгний ЭХО, хавдрын маркер AFP тодорхойлох шинжилгээ, биохимийн болон цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ. Уг элэгний хорт хавдар илрүүлэх багц шинжилгээг аймаг, дүүргийн түвшинд хийхээр төлөвлөөд байгаа.\r\n\r\nҮс тоолох шинжилгээгээр вирүсийн архаг тээгч эмчилгээ хийх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирүсийн эсрэг эмчилгээнд хамруулна. Элэгний архаг өвчтэй болон элэгний вирүс тээгч хүмүүсийг эмчийн хяналтанд бүрэн хамруулж шаардлагатай оношилгоо, эмчилгээг зааврын дагуу хийх юм.\r\n\r\nЭлэгний хорт хавдар илэрсэн хүмүүсийг Хавдар Судлалын Төв хорт хавдрын эмчилгээг удирдамжийн дагуу хийх зорилготой хөтөлбөр юм.\r\n\r\nЭлэгний хавдрын эхний шат, элэгний хатууралтай, зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн элэг шилжүүлэн суулгах санхүүжилтийг төр хариуцна.\r\n\r\n“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний вирүсийн халдварын тархалтыг хяналтад авах явдал юм.\r\n\r\nХөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд төр засаг, нийгмийн бүх салбар, төр, төрийн бус байгууллага, иргэний оролцоо, санаачлага, дэмжлэг, хамтын ажиллагаа зайлшгүй чухал болж байна. Монгол гэр бүл бүхэн өвчин зовлонгүй элэг бүтэн амьдрах болтугай.