Мөнгөн донор Д.Бүдханд. ЦССҮТ-д 1993 онд ариутгагчийн ажилд орсноосоо хойш энэ байгууллагадаа тасралтгүй 26 дахь жилдээ ажиллаж байна. Д.Бүдханд 2005 онд Хүрэл донор цол хүртсэн бол 2017 онд Мөнгөн донор хэмээх эрхэм алдар хүртсэн юм. Мөн “Шударга журам”, МУЗН-ийн Шилдэг залуу алтан медаль, ЭМЯ-ны Жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Сүхбаатар дүүргийн Хүндэт иргэн, Нийслэлийн тэргүүний ажилтан гэх мэт нэр хүндтэй олон шагналын эзэн. Ярилцлага авах зорилгоо хэлбэл, шуудхан зөвшөөрсөнгүй. Даруухан нь дэндсэн хүн гэж түүнийг л хэлэх байх. Донор хүн энх цагийн чимээгүй баатар гэдэг аргагүй л үнэн юм даа гэх бодол төрснийг нуух юун.
–Тухайн үед өөр ажлын байрны сонголт байсан нь л байх. Харин та яагаад заавал Цусны төвийг сонгох болов?
-Ээж маань Цусны төвд насаараа ажиллаад 1991 онд тэтгэвэртээ гарсан хүн. Тэр үед надад хандаж “Миний охин ээжийнхээ ажил, амьдралаа холбосон энэ сайхан байгууллагад орж ажиллаач” гэж хүссэн. Бодож цөхөөд байх юу байх вэ. Тэгье л гэлээ. Миний ээж ажилдаа, хамт олондоо сэтгэл их хангалуун байдаг байсан болохоор Цусны төв надад цаанаа л дотно санагддаг байсан юм. Дунд сургуульд байхдаа ээжийнхээ ажил дээр очих нь олон. Дэндүү цэвэрхэн орчин, эрхэмсэг эмч, сувилагч нарыг харах нэг талаас сүрдмээр, нөгөө талаас бахархмаар санагддаг байж билээ. Гэхдээ байгууллагын онцлогоос шалтгаалаад намайг шууд ажилд аваагүй. Нарийн шинжилгээ авсан. Тэгээд эрүүл гарсан учир тэнцээд орж байлаа. 1993 оноос хойш одоог хүртэл энэ сайхан байгууллагадаа тасралтгүй 26 жил ажиллажээ. Удахгүй 27 дахь жил рүүгээ орно.
-Цусны төвийн сайхан нь юундаа байдаг гэж боддог вэ? Энэ олон жил ганцхан байгууллагад тууштай ажиллахыг бодоход таныг татах хүч байна даа?
-Дандаа хүнд туслах юмсан гэдэг бодолтой, сайхан сэтгэлтэй хүмүүс ирж үйлчлүүлж, цусаа бэлэглэдэг болоод ч тэрүү ажиллахад урамтай газар шүү. Энд ажилд орсноо аз гэж боддог. Ээждээ дандаа баярлаж явах юм даа.
-Та бол манай тогтмол цусаа бэлэглэдэг идэвхтэй доноруудын нэг. Анх яагаад цусаа өгөхөөр болов?
-Миний ээжийг Цагаан гэдэг. Бас л донор хүн. Би Цусны төвд ажилд ороод удаагүй байхдаа анх 250 миллитр цусаа өгсөн. Ээжийн нөлөө байсан болоод ч тэрүү өөрөө дуртай байсан шүү. Анх өгөхөд айх, болгоомжлох гэх мэт сөрөг мэдрэмж огт төрөөгүй. Биед ч өөрчлөлт гараагүй. Тийм болохоор байнга л цусаа өгч ирлээ. Одоогоор 130 удаа цусаа өгөөд байна. Хамгийн гол нь миний өгсөн цусны ачаар өвдөж зовсон, эсвэл гэнэтийн осол аваарт орсон, төрөхийн хүндрэл болсон хүмүүс хөл дээрээ босч байгаа гэж бодох гоё. Манай төвд байгууллагаараа, анги хамт олноороо ирж цусаа бэлэглэх хүмүүс жилээс жилд байтугаа өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг харах үнэхээр бахархалтай. Миний хувьд цэрэг, цагдаагийн хүмүүс сүртэй шүү дээ. Гэхдээ цусаа өгч байгааг нь харахад огт өөр мэдрэмж төрдөг.
-Таны сэтгэлд дурсамж үлдээсэн хамгийн сайхан мөч?
-Шөнө яаралтай дуудагдаж очоод цусаа өгч байсан мөчүүд сэтгэлд арай л илүү тод үлдэж. Олон удаа шөнө цусаа өгч байсан даа. Донор хүн хэнд цусаа өгч байгаагаа тэр болгон мэдэх боломжгүй. Гэхдээ 1990-ээд онд яаралтай үед хэнд өгч байгаагаа мэддэг байсан. Тэр хүнээ эдгэрээд эмнэлгээс гарч байгааг сонсох л сайхан. Сүүлийн жилүүдэд ЦССҮТ-ийн үйл ажиллагааны үр дүнд авлагагүй донорын эгнээ өргөжиж, тэр хэрээр цусны нөөц нэмэгдэж байгаад баяртай байдаг. Манайд мундаг хүмүүс ажиллаж байгаа болохоор аргагүй биз ээ. Донор хүний ач тусыг донор хүн ойлгож, мэдрэхгүй бол хэн мэдрэх билээ.
–Таны бахархал юу вэ?
-Одоо 80 шүргэж байгаа ээжээрээ бахархдаг. Ажлаараа, хамт олноороо, донор гэдэг эрхэм сайхан алдрын эзэн болсноороо бас бахархаж, урамшиж явдаг.
Д.Дорж