•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111112a01fgdfgdfgfgsds51111111111111 clock Даваа-Баасан 08:30-16:00 Бямба, Ням гарагт амарна.
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Монголын цус сэлбэлт, судлалын салбар олон улсын стандарт хангасан

    Эрүүл мэндийн салбарын нэг бүрэлдэхүүн хэсэг болох цус сэлбэлт судлалын салбарын талаар хүн бүр төдийлэн сайн мэдэхгүй. Энэ нь нарийн мэргэжлийн эмчийн заалтаар цус, цусан бүтээгдэхүүнийг тохирох бүлэг, тунгаар нь зөвхөн эмнэлгийн орчинд өвчтөний судсаар дамжуулан хийдэг өвөрмөц эмчилгээний нэг билээ. Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд хамаарах цус сэлбэлт, судлалын салбарыг бэхжүүлэх зорилготой “Аюулгүй цус сэлбэлт” төслийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу Эрүүл мэндийн салбарын хөгжил /ЭМСХХ/-5 хөтөлбөрийн хүрээнд 2014-2019 онд амжилттай хэрэгжүүллээ. Төслийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төв /ЦССҮТ/ болон орон нутаг дахь 26 салбар төвүүдэд хэрэгжүүлж, донорын судаснаас цус, цусан бүтээгдэхүүн цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүн болгон эмнэлгүүд рүү хүргүүлэх хүртэлх бүх шат дамжлагыг олон улсын стандартад нийцүүлснээр ISО 9001:2015 олон улсын магадлан итгэмжлэлийг авсан нь энэ төслөөс онцлох үр дүн, ололт амжилт байв.
    Энэ талаар ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр “Монгол Улсын цус сэлбэлт, судлалын албанд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй ЭМСХХ-5 төсөл хэрэгжсэнээр энэ салбарт сүүлийн жилүүдэд үсрэнгүй өөрчлөлт гарсан. Төсөл хэрэгжих таван жилийн хугацаанд олон шинэ технологи нэвтрүүлж, амжилттай нутагшууллаа. Өндөр хөгжсөн орнуудын цусны төвүүдэд ашигладаг цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжөөр ЦССҮТ болон 26 салбар төвүүд 100 хувь хангагдсанаар үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар олон улсын  стандартад эн тэнцэхүйц түвшинд хүрсэн. Барилга байгууламж, технологи тоног төхөөрөмжийг шинэчлэхээс гадна хүний нөөцийг чадавхжуулахад анхаарч ЦССҮТ болон цусны салбар төвүүдийн эмч, мэргэжилтнүүдийг ДЭМБ-аас гаргасан хөтөлбөрийн дагуу олон улсын иж бүрэн цуврал сургалтуудад хамруулсан.
    Цус, цусан бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь төрөлжсөн нарийн мэргэжлийн томоохон эмнэлгүүд учир эдгээр эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг ч орхигдуулаагүй үе шаттайгаар сургалтад хамруулсан. Ингэснээр Монгол Улсын цус сэлбэлт судлалын салбар өнгө төрхөө бүрэн өөрчилсөн. ЦССҮТ нь 2016 онд мэргэжлийн чиглэлээр “Азидаа тэргүүлэгч байгууллага болох” алсын харааг тодорхойлсон. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Цусны аюулгүй байдал” төсөл хэрэгжсэнээр энэхүү зорилтдоо хүрэх хугацааг ойртуулсан.

    ЦССҮТ нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас олон улсын гурван стандартаар итгэмжлэл болон баталгаажуулалт хийгдсэн анхны байгууллага болсон.  Үүнд:

    • 2015 онд “Эрүүл мэндийн байгууллагын лабораторийн чанар ба чадавхид тавигдах шаардлага” MNS ISO 15189:2015 стандартаар итгэмжлүүлж, түүнээс хойш хоёр удаа давтан итгэмжлүүллээ.
    • “Чанарын менежментийн тогтолцоо” MNS ISO 9001:2016 олон улсын стандартаар 2017 онд үндэсний хэмжээнд, 2019 онд олон улсын хэмжээнд тус тус баталгаажуулалт хийлгэн жил бүр магадлах аудитад хамрагдан байнга сайжруулан хадгалж байна.
    • 2018 онд “Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын тогтолцоо” OHSAS 18001:2007 /MNS OHSAS 180015 2012 стандартаар баталгаажуулалт тус тус хийлгэн байнга сайжруулан хөгжүүлж байна.

    Бид “ЭМСХХ-5” төслийн үр дүнд хүрсэн ололт амжилт, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд үнэлүүлэх нь зөв гэж үзэж, гаднын зөвлөхтэйгээ санал солилцоод дэлхийд цус судлалын чиглэлээр идэвхтэй ажилладаг дөрвөн гол байгууллагын нэг болох Лондонд төвтэй Lloyd`s Register байгууллагыг сонгож, магадлан итгэмжлэл хийлгэсэн. Энэ байгууллагаас мэргэжилтнүүд гурван удаа ирж, ЦССҮТ-ийн “Цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах” гэсэн бүх үйл ажиллагаанд Олон улсын баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгосон.

    Манай улсын эрүүл мэндийн байгууллагууд олон улсын магадлан итгэмжлэлийг тасаг, нэгжүүддээ хэсэгчлэн авдаг бол ЦССҮТ бүх үйл ажиллагаан дээрээ магадлан итгэмжлэл авснаараа давуу талтай. Олон улсын магадлан итгэмжлэлийг ихэнх тохиолдолд нэг жилийн хугацаатай өгдөг бол ЦССҮТ-д 2019 оны тавдугаар сараас 2022 оны тавдугаар сар хүртэл гурван жилийн хугацаагаар олгосон нь олон улсын чанар стандартыг өндөр түвшинд хангасныг харуулж буй юм. Дотоодын болон олон улсын энэ бүх магадлан итгэмжлэлүүдийг авснаар ЦССҮТ-ийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн 100 хувийн баталгаатай, олон улсад тавигддаг үндсэн шаардлагуудыг бүрэн хангаж байгааг илэрхийлнэ. Ард иргэд аюулгүй цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх боломжоор бүрэн хангагдахад Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Цусны аюулгүй байдал” төсөл чухал үр нөлөө үзүүлсэн. Энэ бол төслийн дэмжлэг болон манай хамт олны маш олон жилийн уйгагүй хөдөлмөрлөсний үр дүн байв. Бид одоо хүрсэн үр дүнгээ тогтвортой авч явахын төлөө ажиллах болно гэлээ.

    ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭМЖЭЭ 2014-2019 ОНД 33 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ 

    Энэ төсөл нь хөрсөн дээрээ хэрхэн шингэж, биеллээ олсон талаар ЦССҮТ-ийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Т.Алимаа товч танилцуулсныг Уншигч Та зураг тус бүрийн доорх тайлбараас харах боломжтой. Төслийн хүрээнд ЦССҮТ-ийн шинэ барилгыг 2016 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр /1.4 сая доллар, АХБ 0.5 сая ам.доллар/ барьж ашиглалтад оруулсан бол барилгыг “амь оруулахад” шаардагдах эмнэлгийн болон эмнэлгийн бус бүхий л тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны 5.6 сая ам.долларын санхүүжилтээр ханган нийлүүлжээ.

    Цус, сэлбэлт судлалын салбарыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 5 жил хэрэгжсэн төслийн үр дүнд:  

    • Олон нийтийн дунд сургалт сурталчилгааг өргөн хүрээнд зохион байгуулснаар донорын тоо нэмэгдэж, цус цуглуулалт улсын хэмжээнд 54.1 хувиар нэмэгдсэн. Үүнийг тодруулбал, Улаанбаатар хотод 58.1 хувь, орон нутагт 43.7 хувиар тус тус өслөө.
    • Цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ төсөл хэрэгжих 2014-2019 онд 33 хувиар нэмэгдсэн. Бүтээгдэхүүний нэр төрөл Улаанбаатарт 12-16 байсан бол 34, орон нутагт 4-8 байсан бол 12-14 болж нэмэгдлээ. Аймгуудын хувьд  эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх боломж бүрдсэн.
    • Зориулалтын хөргөгч, хөлдөөгчийн тоог нэмэгдүүлснээр цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ 85 хувиар өссөн. Төсөл хэрэгжихээс өмнө хөргөгч, хөлдөөгч дутагдалтайгаас зарим тохиолдолд ахуйн зориулалтын хөргөгч хөлдөөгч ашиглаж байсан тул цус, цусан бүтээгдэхүүнийг богино хугацаанд хадгалж байсан бол одоо сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалах боломж бүрдлээ. Бүтээгдэхүүн хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь дэлхий даяар дэгдсэн цар тахлын энэ хүнд үе донорын тоо буурсан ч нөөцөө тулгуурлан цус, цусан бүтээгдэхүүний хомсдолгүй давах таатай нөхцөл бүрдүүлжээ.

    ЦССҮТ-ийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Т.АлимааЦССҮТ-ийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Т.Алимаа

    Улаанбаатар хотод нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг, улсын хэмжээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол цөм учир цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээний 70-75 хувь нь Улаанбаатарт, 30 орчим хувь нь орон нутагт байдаг. Орон нутгийн салбарууд хэрэглээндээ тулгуурлан цус цуглуулалт хийж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж байна. Цусны алба нь өөр хоорондоо уялдаа холбоотой олон үе шат бүхий үйл ажиллагаа, ажилбараас бүрдэнэ. Хамгийн эхний үе шат нь хүн амын дунд цусны донорын сургалт сурталчилгаа хийх ажил юм. Мэдээлэл авсан иргэд суурин болон явуулын цус цуглуулах үйл ажиллагаанд хамрагдаж, цусаа хандивлаж болно.

    Эмчийн үзлэг: Эрүүл иргэдийн төлөөлөл болох донор цусаа өгөхөөр ЦССҮТ-д ирж, бүртгүүлсний дараа мэргэжлийн эмчид үзүүлж эрүүл мэндийн байдлаа хянуулна. Эмч эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж хариулсан байдалд дүгнэлт хийгээд донороос цус, эс, сийвэнгийн алиныг, ямар хэмжээгээр авахыг шийднэ.

    Цус цуглуулах хэсэг: Эмчийн үзлэгт үндэслэн цус, сийвэн, эсийг тохирох тунгаар авах заалттай. Эрэгтэй хүн хоёр сар тутамд, эмэгтэй хүн гурван сар тутамд, жилд 4-6 удаа цусаа өгөх боломжтой. Харин сийвэнгийн донор 14 хоног тутамд, эсийн донор сард нэг удаа тус тус цусны бүрэлдэхүүн хэсгийг өгвөл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Биднийг очиход байнгын донор нэг залуу сийвэнгээ өгч байв. Цусны сийвэн нь маш хурдан нөхөн төлждөг тул донорууд 14 хоног тутамд сийвэнгээ өгч болно. Бие махбод нь ч үүнд дасал болсон байдаг аж.

    Төслийн санхүүжилтээр тус төвд цус, цусан бүрэлдэхүүнийг ялган авах орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчилжээ. Цус, цусны бүрэлдэхүүн цуглуулах аппарат бүхэн өөр өөр үүрэгтэй. Тухайлбал, Зураг дээрх аппарат нь донорын цуснаас эхлээд сийвэнг, сийвэнгээсээ ялтаст эсийг ялган авах өндөр технологийн ажиллагаатай аж. Ялтаст эс нь цус бүлэгнэлтийн эмгэгтэй хүмүүст амин чухал шаардлагатай. Сүүлийн жилүүдэд хэрэглээ нь маш их нэмэгдэж байгаа бүтээгдэхүүн аж. Нэг донороос 4-6 нэгж ялтаст эс авбал мөн тооны донороос цус авсантай ижил үр дүнтэй. Энэ нь цар тахлын нөлөөгөөр донорын тоо цөөрсөн өнөө үед их ач тустай. Нэг өвчтөнд 4-6 хүний бус нэг л хүний цусан бүтээгдэхүүн хэрэглэх нь эмчилгээний өндөр ач холбогдолтой.

    Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсэг: Энэ хэсэгт цуглуулсан цус, сийвэн, эсийг хүлээн авч бүртгэн, шалгаж цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нарийн технологийн үйл ажиллагаа явагддаг. Цус судлалаар нарийн мэргэшсэн эмч, сувилагч нар энэ хэсэгт ажиллах бөгөөд тэд эмнэлгүүдийн эрэлт хэрэгцээ болон төвийнхөө нөөцөд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

    Үйлдвэрлэсний дараа шат дамжлагын хяналт, лабораторийн болон чанарын хяналтын шинжилгээнүүдийг хийнэ. Бүх шинжилгээний дараа дахин бүртгэлд оруулж, стандартын  дагуу хаягжуулан бүтээгдэхүүн олгох хэсэгт шилжүүлдэг. Үйлдвэрлэсэн цус, цусан бүтээгдэхүүн тус бүр хадгалалтын тусгай нөхцөл шаардана. Тухайлбал, Сийвэнгийн бүтээгдэхүүнийг түргэн хөлдөөгчиийн тусламжтайгаар 15-хан минутад маш хурдан хөлдөөх учир бүтээгдэхүүн чанараа алдахгүй, шинэхэн хэвээр хадгалагдах нөхцөл бүрдэнэ. Сийвэнг -70 хэмд хадгалах горимтой бөгөөд чанарыг алдуулахгүйгээр хадгалах хамгийн орчин үеийн хөргөгч, хөлдөөгчүүдийг төслийн санхүүжилтээр нийлүүлжээ. Хөлдөөсөн сийвэнг эмчилгээнд хэрэглэх захиалга ирвэл бүтээгдэхүүнийг технологийн дагуу богино хугацаанд гэсгээх төхөөрөмж ашиглан гэсгээж, эмчилгээнд хэрэглэхэд бэлэн болгоно.

    Эмнэлгүүдэд эмчилгээний шинэ технологи, тоног төхөөрөмжүүд нэвтрэхийн хэрээр цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ өссөөр байна. Цар тахлын хөл хориотой үед ч эмнэлгийн тусламж үйлчилгээ 24 цагаар явагдаж байгаа учир цусан бүтээгдэхүүний хэрэглээ буураагүйг тэд хэлж байв. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах том том хагалгаа орсон тухай хэвлэлүүд мэдээлдэг. Тэр бүх хагалгааг цусан бүтээгдэхүүнгүйгээр хийх боломжгүй бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй явуулах гинжин хэлхээсийн нэгээхэн хэсэг нь цусны албаныхан байдаг.

    30 гаруй төрлийн бүтээгдэхүүн тус бүр үйлдвэрлэлийн нарийн технологитой бөгөөд бүтээгдэхүүн бүрийн онцлогт тохирсон орчныг бүрдүүлсэн олон төрлийн тоног төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгчүүдээр бүрэн хангагджээ.

    Улаан эс хадгалах хөлдөөгч: Улаан эсийг ердийн хэмд 42 хоног хадгалдаг. Төслийн санхүүжилтээр 2016 онд улаан эс хөлдөөх тоног төхөөрөмжтэй болсноор улаан эс ялангуяа ховор бүлгийн улаан эсийг удаан хугацаагаар хадгалах боломж бүрдлээ. Жишээлбэл, Улаан эсийг -80 градуст 10 жил хадгалах боломжтой. Тус төвд 2016 оноос хадгалж буй ховор бүлгийн цусан бүтээгдэхүүн ч бий. Улаан эс хүйтэнд маш мэдрэг учир тусгай аппаратын тусламжтайгаар тусгай бодисоор гадуур нь бүрж чанарыг алдуулахгүй хадгална. Хэрэглэх үедээ хамгаалалтын бодисыг ялган авснаар чанарын хувьд нь өнөөдөр цуглуулсан мэт шинэхэн улаан эс болгож эмнэлгүүдэд нийлүүлэх технологийн нарийн ажиллагаа шаардсан ажилбарууд явагддаг.

    Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх аппарат.Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх аппарат.

    Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх: Цус, цусан бүтээгдэхүүн нь хүний биологийн шингэн учир нян бактер, вирус зэрэг халдвар үүсгэх уураг агуулагдаж байж болно. ЦССҮТ болон 26 салбар төвүүдэд донороос авсан бүх цусанд В, С гепатит, ДОХ, тэмбүүгийн шинжилгээг бүрэн хийнэ. Мөн тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлагатай нэмэлт шинжилгээг хийж болно. Цусан дахь эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх технологи анх 2003 онд Францад нэвтэрсэн. 2013 онд АНУ-ын Эм, хүнсний агентлагийн /FDA/ зөвшөөрлөөр АНУ-д нэвтэрсэн өндөр технологийг Монгол Улс 2016 онд нэвтрүүлж, энэ технологийг хэрэгжүүлэгч дэлхийн 40 дэх орон болон бүртгэгдсэн. Цус судлалын салбарт эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг стандартыг нэвтрүүлснээр цусан бүтээгдэхүүний халдвар дамжих эрсдэлээс бүрэн сэргийлж чадлаа. Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх тоног төхөөрөмжөөсөө гадна энэ ажилбарт ашигладаг нэг удаагийн хэрэглэгдэхүүнүүд нь өртөг өндөртэй учир энэ төхөөрөмж ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зөвхөн нярай болон эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөнүүд, жирэмсэн эхчүүдэд хэрэглэж байна. Улс орны эдийн засаг сайжирч, санхүүжилт нэмэгдвэл үйлдвэрлэлээс гарч буй бүхий л бүтээгдэхүүнийг энэ төхөөрөмжийг ашиглан эмгэгтөрөгчийг идэвхгүйжүүлж цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх бүх хүнд хэрэглэх боломж бүрдэнэ  хэмээн Т.Алимаа эмч ярилаа.

    Рентген туяагаар шарах аппарат: Цусан бүтээгдэхүүнийг рентген /X-ray/ туяагаар шарах тоног төхөөрөмж. Энэ аппарат нь манай улсад ганц байдаг тул одоогийн байдлаар дархлаа дарангуйлагдсан өвчтөнд л рентген туяагаар шарсан цусан бүтээгдэхүүнийг хэрэглэж байна.

    Ялтаст эсийг +22 хэмд байнгын хөдөлгөөнт орчинд хадгалдаг аппарат. Хөдөлгөөнгүй орчинд бүтээгдэхүүний чанар алдагдах бөгөөд төхөөрөмжийн санах ойд ямар өнцгөөр минутад хэд эргэх гэх мэт тохируулгыг хийдэг аж.

    ЗОРИУЛАЛТЫН ХӨРГӨГЧ, ХӨЛДӨӨГЧӨӨР ХАНГАГДСАНААР ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦ 5 ДАХИН НЭМЭГДЛЭЭ

    Хөлдөөгч өрөө: Цус, цусан бүтээгдэхүүний төрлөөс хамаарч хадгалалтын өөр өөр орчин нөхцөл шаардана. Цусны сийвэнгийн бүтээгдэхүүнийг -70 хэмийн гүн хөлдөөгч, -20-30 хэмд хадгалдаг хөлдөөгч өрөө, +2+4 хэмийн тохируулга бүхий хөргөгч, хүйтэн өрөөнүүдэд нөөц бүтээгдэхүүнийг хадгалдаг. Хүйтэн нөхцөлд ажилладаг учир эмч, мэргэжилтнүүд зориулалтын зузаан хувцас, гутал өмсөж дотогш нэвтэрнэ. Азийн хөгжлийн банкны ЭМСХХ-5 төслийн үр дүнд тоног төхөөрөмжийн хүчин чадал ийнхүү сайжирснаар цус, цусан бүтээгдэхүүний нөөц тав дахин нэмэгджээ.

    Нэгдсэн лаборатори: Цусны аюулгүй байдлыг хангахад лабораторийн тусламж, үйлчилгээ хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. ЦССҮТ-ийн Нэгдсэн лаборатори нь цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх, Цусны бүлэг тодорхойлох, Цус, цусан бүтээгдэхүүний чанарын хяналтын шинжилгээ хийх зэрэг гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба цусны бүлэг хувийн тохироо тодорхойлох, иммуногематологийн чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа тусламж үзүүлдэг. Энэ лаборатори улс орнуудын цусны албанд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Жишээлбэл, Халдвар илрүүлэх шинжилгээнд өндөр хөгжилтэй оронд хэрэглэгддэг ийлдэс судлалын болон молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Мөн ДЭМБ-ын цусны албаны лабораторид мөрдөх стратеги, алгоритмыг мөрдөн ажиллаж байна.

    ДЭЛХИЙ НИЙТЭД ЦУСНЫ 370 ГАРУЙ БҮЛЭГ БАЙНА ГЭЖ АЛБАН ЁСООР МЭДЭЭЛСЭН

    Цусны бүлэг тодорхойлох шинжилгээнд ч орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг ашигладаг болсон. Хүний цус дөрвөн бүлэгт хуваагддаг гэсэн уламжлалт ойлголт монголчууд бидэнд бий. Гэтэл дөрвөн бүлэг дотроо дэд бүлгүүдэд хуваагддаг. Дэлхий нийтэд цусны 370 гаруй бүлэг байна гэж албан ёсоор мэдээлсэн бөгөөд нэмж судлагдсан 400 гаруй эсрэг төрөгч маш нарийн ховор бүлгүүдэд ангилагддаг байна.
    “ЭМСХХ-5” төслийн хүрээнд өндөр мэдрэг эдгээр тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, цусны дэд бүлгүүдийг үздэг болсноор цусны хувийн тохироог шинжлэх боломж бүрдсэн. Тухайлбал, Элэг шилжүүлэн суулгуулах хүнд 30-40 нэгж цус, цусан бүтээгдэхүүн захиаллаа гэж бодъё. Дээрх шинжилгээний тоног төхөөрөмжгүй байх үед 100-150 донорын цусанд шинжилж аль тохирохыг авдаг байсан бол одоо өвчтөний цусны бүлэг, дэд бүлгүүдийг үзээд нөөцөд байгаа цуснаас тэрэнтэй яг нийцэх 400-500 цуснаас шинжилж тохирохыг нарийн сонгож өгдөг болсон. Энэ нь эд эрхтэн шилжүүлэн суулгах технологи Монгол Улсад нутагших, эмчилгээний үр дүн сайжрахад ач холбогдлоо өгч байгааг Т.Алимаа эмч онцолсон билээ.  Мөн лаборатори нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл тус бүрд чанарын хяналтын шинжилгээг олон улсын болон үндэсний стандартад заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хийж чанарыг баталгаажуулна. ЦССҮТ-ийн лаборатори нь 2015 онд Олон улсын MNS ISO 15189:2015 стандартаар анх итгэмжлэгдсэнээс хойш жил бүр магадлах шалгалтанд орж, стандартаа хадгалан  хөгжүүлж байна.

    Бүтээгдэхүүн олгох хэсэг: Бүтээгдэхүүн олгох хэсэг нь цусны албаны олон шат дамжлагат үйл ажиллагааны сүүлийн цэг юм. ЦССҮТ-ийн үйлдвэрлэн гаргасан цус, цусан бүтээгдэхүүний захиалагч нь эмнэлгүүд, хэрэглэгч нь өвчтөнүүд юм. Бүтээгдэхүүн олгох хэсэгт мөн л цус сэлбэлтээр мэргэшсэн сувилагч нар ажилладаг. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ эрт, орой хэзээ ч гарч болох тул 24 цагаар ажиллаж, эмнэлгийн захиалгын дагуу цусан бүтээгдэхүүнийг цахим кодоор нь уншуулж, мэдээллийг нягтлан шалгаж, олгоно. Хамгийн сүүлийн шатны бүртгэл шалгалт учир маш нягт нямбай ажиллагаа шаарддаг гэв. Тус төвийн бүхий л хэсэг нэгжүүд дотроо цахим сүлжээгээр холбогдсон төдийгүй харилцагч эмнэлгүүд ч бүтээгдэхүүний захиалгыг цахимаар хийнэ. Цахим сүлжээнд бүрэн холбогдох ажлыг төслийн санхүүжилтээр сайжруулж, улам боловсронгуй болгожээ.
    Цус сэлбэлт судлалаар мэргэшсэн эмч, сувилагч бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд ЦССҮТ хариуцан явуулдаг. “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд энэ сургалтын хөтөлбөр олон улсын түвшинд хүрсэн бөгөөд сургалтыг тасралтгүй явуулсаар байгаа юм.

    Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ: Эмнэлгүүдэд эмчилгээний шинэ технологи, тоног төхөөрөмжүүд нэвтрэхийн хэрээр цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ өссөөр байна. Сүүлийн 5-10 жилд донорын тоо 40 орчим хувиар, цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, захиалга хэрэгцээ25хувиар нэмэгджээ. Цар тахлын хөл хориотой энэ үед ч эмнэлгүүд 24 цагаар ажиллаж байгаа учир цусан бүтээгдэхүүний хэрэглээ буураагүйг тэд хэлж байв. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах том том хагалгаа орсон тухай хэвлэлүүд мэдээлдэг. Тэр бүх хагалгааг цусан бүтээгдэхүүнгүйгээр хийх боломжгүй бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй явуулах гинжин хэлхээсийн нэгээхэн хэсгийг цус судлалын албаныхан хариуцан тасралтгүй ажиллаж байна. Шинжлэх ухаан үсрэнгүй хөгжсөн ч цусыг хиймлээр үйлдвэрлэж чадахгүй учир донорын тоог нэмэгдүүлэх нь мөнхийн хэрэгцээ хэвээр байх болно.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.