•  

    clock Даваа-Баасан 08:30-16:00    Бямба-ням Амарна world Утас:  70136504, 70112857      Факс:  70112857
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Нийтдээ цусны 30 гаруй бүлэг бий

    zahirallЦус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, анагаах ухааны доктор Н.Эрдэнэбаяртай ховор бүлгийн цус болон цусны донорын талаар ярилцлаа.\r\n-Сүүлийн үед ховор бүлгийн цус гэж яригдах болжээ. Тэгэхээр нийтдээ найман бүлгийн цус байдаг гэж ойлгож болох уу?\r\n\r\n-Цус сэлбэлтийн салбар анагаах ухаан дотроо харьцангуй залуу шинжлэх ухаан байгаа юм. Одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1901 онд К.Ландштейнер гэж эрдэмтэн цусны АВО бүлгийг анх нээсэн түүхтэй. Үүнээс хойш энэ талын судалгаа, шинжилгээний ажил улам бүр гүнзгийрэн хөгжиж байна. Манайханд төдийгүй дэлхий дахинаа 20-30-аад жилийн өмнөх хүртэл зөвхөн нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс л донор байдаг гэсэн буруу ойлголт хэвшсэн байсан. Гэтэл 1940 оны үед К.Ландштейнер өөрийн шавь нарын хамт сармагчны цуснаас резус бүлгийн эсрэгтөрөгчийг нээсэн нь анагаах ухааны хөгжил ялангуяа аюулгүй цус сэлбэлтийн талаар том ахиц дэвшил болсон юм. Тиймээс орчин цагт тухайн бүлгийн цусыг зөвхөн адил бүлэгт нь сэлбэх нь эмчилгээний өндөр үр дүнтэй төдийгүй, аюулгүй аргуудын нэг болдог. Мөн зөвхөн яаралтай амь насны заалт юм уу, тухайн бүлгийн цус хүрэлцээгүй үед, нэгдүгээр бүлгийн цусны бүтээгдэхүүнийг хоёрдугаар бүлгийн цустай хүнд сэлбэдэг. Тэгэхээр ерөнхийдөө цусны үндсэн дөрвөн бүлэг байдаг ч резус эерэг болон сөрөг бүлгийг оруулахаар нийт найман бүлгийг аливаа улс орны цусны албадууд бэлэн байлгадаг. Цус сэлбэх шаардлагатай бол заавал тухайн үйлчлүүлэгчийнхээ цусны бүлгийг тодорхойлон донорын болон өвчтөний цусны хувийн, биологийн тохироонд тохируулан сэлбэнэ. Судалгаагаар резус сөрөг бүлгийн цустай хүний тархалт харьцангуй ховор байдаг тул ховор бүлгийн цустай гэж нэрлээд байгаа юм. Ер нь дэлхий дахинаа хийгдсэн судалгаагаар цусны улаан эс, сийвэн, ялтаст эсийн уургуудын 500 гаруй эсрэгтөрөгч агуулсан 30 гаруй цусны бүлэг байдаг.\r\n\r\n-Тэгвэл ховор бүлгийн цустай хүн манай улсын хүн амын хэдэн хувийг эзэлж байна?\r\n\r\n-Бидний хийсэн судалгаагаар манай хүн амын дунд резус сөрөг цустай хүмүүс нэг орчим хувийг эзэлдэг. Бусад бүлгийн хувьд яг одоогоор нарийн тоо мэдээлэл байхгүй, судалгааны шатанд байна. Зарим ховор бүлэг нэг сая хүнд зөвхөн ганцхан тохиолдох магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амын ойролцоогоор нэг хувь нь ховор бүлгийн цустай. Цус сэлбүүлэх шаардлагатай хүнд яг ижил бүлгийн цус сэлбээд байгаа хэрнээ цус тохирохгүй тохиолдол гардаг. Иймд цаашид тохирохгүй байгаа шалтгааныг тодорхойлох лавлагаа шинжилгээ хийж, ховор бүлгийн цустай эсэхийг шинжилдэг.\r\n\r\n-Резус сөрөг буюу ховор бүлгийн цустай хүмүүсийн онцлог юу байна. Аль бүс нутагт ийм бүлгийн цустай хүмүүс түлхүү байдаг вэ?\r\n\r\n-Энгийнээр хэлэхэд гадна байдлаас гэдэг юм уу тийм онцлох ялгаа байхгүй харин генетикийн хувьд ялгаатай гэсэн үг. Ховор бүлгийн цустай хүний цусны бүлэг хүйснээс хамаарахгүй бөгөөд насан турш өөрчлөгдөхгүй. Бидний судалгаагаар резус сөрөг бүлгийн цустай хүмүүс баруун аймгуудаар илүү байдаг. Ялангуяа Баян-Өлгий Увс, Ховд зэрэг аймгуудад нэлээд бий. Мөн зарим төрөл садан, гэр бүлийн хүрээнд илүү тохиолддог онцлог ч бас байдаг. Жишээлбэл, Булган аймгийн Цусны төвийн бага эмчийн судалгаагаар зарим сумдад резус сөрөг цустай хүмүүсийн тархалт илүү байгааг тодруулж үзэхэд Увсаас нүүж Булганд нутагласан айлуудын хүүхдүүдийн дунд илүү тохиолдож байсан жишээтэй. Харин эсрэгээрээ Дорнод, Сүхбаатар зэрэг зүүн бүсийн аймгуудад маш бага хувьтай байгаа нь тухайн үндэстэн, ястны удам зүйн онцлогтой холбоотой байж болох талтай. Ер нь тухайн газар нутаг, үндэстэн угсаатны онцлогоос хамааран олон янзын цусны ховор бүлгүүд байдаг. Иймд дэлхийн улс орнуудын цусны албад хоорондоо мэдээллээ харилцан солилцдог. Тухайн улсад үнэхээр ховор бүлгийн цустай хүнд яг тохирох бүлгийн цус олдохгүй тохиолдолд улс хооронд солилцож авах яриа хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа тохиолдол гадны улсуудад нээлэд бий. Өөрөөр хэлбэл, тухайн улсад маш ховор бүлгийн цустай хүмүүсээс донор болдог хүн ховор учир зөв гарц шийдлийг хайх хэрэгтэй байдаг юм. Манай төвөөс өнгөрсөн наймдугаар сард “Азийн ховор цус” олон улсын хурал зохион байгуулахад уг хуралд есөн орны төлөөлөл оролцсон. Энэ хурлаар бид өөрсдийн мэдээллээ хуваалцаж, ховор бүлгийн цусны судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн талаар хэлэлцэж хамтран ажиллахаар болсон юм.\r\n\r\n-Нэгдүгээр бүлгийн цустай мөртлөө ховор буюу хасах резустай бол яг тийм нэгдүгээр бүлгийн хасах резустай цус сэлбэх ёстой гэсэн үг юм байна. Ийм бүлгийн цус олоход хүндрэлтэй байдаг уу. Шаардлагатай тохиолдолд ах дүү, аав ээжийнх нь цуснаас шинжилгээ авахад яг адилхан байдаг уу?\r\n\r\n-Яг резус сөрөг бүлгийн үндсэн дөрвөн бүлгээр тодорхой тооны донорууд байдаг. Бид шаардлагатай үед эдгээр доноруудаа дуудаж шаардлагатай байгаа бүтээгдэхүүнийг бэлдэнэ. Мөн түүнчлэн аймгуудаас сөрөг цусны захиалга манай төв рүү ирдэг. Мэдээж үнэхээр их хэмжээгээр шаардлагатай үед энэ талаар мэдээлж, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдийг нь донорт элсэхийг уриалах тохиолдол бий. Ах дүү, аав ээж зэрэг хүмүүсийнх нь заримынх нь ижил байх боломжтой ч бүгд ижил ховор бүлгийн цустай гэсэн үг биш.\r\n\r\n-Сүүлийн үед цусны нөөц хэр байна. Нэг хүний цуснаас гурван хүний амь нас авардаг гэж ярьдаг ямар учиртай юм бэ?\r\n\r\n-Сүүлийн үед цус, цусан бүтээгдэхүүний захиалга хурдацтай нэмэгдэж байна. Энэ нь хүн амын дунд цус цусан бүтээгдэхүүн эмчилгээнд шаардлагатай өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотой. Ялангуяа хавдар, аваар осол, гэмтэл, төрөлтийн хүндрэл нэлээд гарч байна. Анагаах ухааны салбарт элэг шилжүүлэн суулгах мэс засал зэрэг шинэ эмчилгээний технологи нэвтэрч байгаатай ч холбоотой. Бид мэргэжлийн байгууллагын хувьд энэ тал дээр онцгойлон анхаарч, төвийн бүтцэд донор элсүүлэлт маркетенгийн нэгжийг бий болгож үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Мөн 2015 оноос Баянголын эмнэлэг дээр цус цуглуулах төв нээж ажиллуулсан. Мөн Баянзүрх дүүрэгт дахин нэг төвтэй болж байгаа. Яагаад нэг удаа цусаа бэлэглэхэд гурван хүний амь нас авардаг вэ гэвэл тухайн хүний өгсөн цуснаас улаан эсийн, ялтаст эсийн болон сийвэнгийн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Ингээд тухайн төрлийн бүтээгдэхүүн шаардлагатай байгаа өвчтөний эмчилгээнд хэрэглэж амь насыг авардаг. Хүмүүсийн дунд цусны төв авсан цусаа шууд хувааж уутлаад эмнэлэгт өгчихдөг гэсэн буруу ойлголт байдаг. Бид донороос авсан цусанд халдварын болон чанарын баталгаажилтын шинжилгээ орчин үеийн аргуудаар хийнэ. Мөн шаардлага хангасан цусыг дээр хэлсэнчлэн гурван төрлийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүний хадгалах хугацаа янз бүр байдаг юм. Тухайлбал, сийвэнгийн бүтээгдэхүүнийг гурван сараас хоёр жил хүртэл хадгална. Харин улаан эсийн бүтээгдэхүүнийг бэлтгэх аргаас хамааран 21-42 хоног хадгалдаг. Эдгээр бүтээгдэхүүнээр нөөц бэлтгэж болно. Гэтэл ялтаст эсийн бүтээгдэхүүнийг зөвхөн гурваас тав хоног л хадгалах боломжтой байдаг тул нэг дор их хэмжээгээр нөөцлөх боломжгүй байгаа юм. Хэрэв их хэмжээгээр бэлтгээд хэрэглэхгүй тохиолдолд хаягдал болж эдийн засгийн болон бусад олон хор хохирол бий болно. Иймд бид олон жилийн туршлага дээрээ үндэслэн тодорхой төлөвлөлтийг хийдэг. Иймд өдөр бүр тодорхой хэмжээний донороос тогтмол цус цуглуулан дээрх бүтээгдэхүүний нөөцийг бий болгож байна.\r\n\r\n-Манай хүн амын хэдэн хувь нь цусаа өгч байна?\r\n\r\n-Өнгөрсөн 2015 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд мянган хүн тутмын 15 нь цусаа өгч байгаа бол хөдөө орон нутгийн хэмжээнд мянган хүн тутмын тав нь цусаа өгч байна. Өөрөөр хэлбэл, манай хүн амын нэг хувь нь цусаа өгдөг гэсэн үг. Сүүлийн гурван жилийн байдлаар донорын тоо даруй 35 хувиар нэмэгдсэн. Энэ тоог тогтвортой барих, цаашид өсгөх нь чухал.\r\n\r\n-Цусаа өгөх гэж байгаа хүн ямар бэлтгэл хангах бэ?\r\n\r\n-Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа 17-60 насны бүх хүмүүс донор болж болно. Бидний ярьдгаар суурин буюу дээр өгүүлсэн төвүүд дээр 14:00 цаг хүртэл цусаа өгөх боломжтой. Мөн цус өгөхийн урьд өдөр нь тос өөх багатай хөнгөн хоол идэх, ердийнхөөрөө сайн унтаж амрах, цус өгөхөөс 72 цагийн өмнө спиртийн төрлийн ундаа хэрэглээгүй байх, архаг хууч өвчингүй байх шаардлагатай.\r\n\r\n-Цусаа өгөхийн ач холбогдол юу байна. Цус өгөх нь бусдын эрүүл мэндэд ямар нөлөөтэй байдаг юм бэ?\r\n\r\n-Саяхан хийгдсэн судалгаагаар манай иргэдийн дунд цусаа өгөх тухай ойлголт сул байна. Энэ талаарх мэдээлэл ч харьцангуй бага байгаа. Судалгааны дүнгээс харахад нийтлэг цусны донор болох нь бусдад тус болохын тулд болон нийгэмд хандсан сайн үйлс гэж хариулсан байсан. Үнэхээр ч тийм юм. Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа, эмэгтэйчүүд гурван сард нэг удаа цусаа өгөхөд тухайн хүнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд энэ хугацаанд хүний цус хангалттай төлждөг. Байнга цусаа өгдөг доноруудын эрүүл мэндийн боловсрол бусдаас илүү байдаг бөгөөд эрүүл аж төрөх ёсны талаар болон өөрийгөө өвчин эрсдэлээс сэргийлэх талаар байнга мэдээлэл авч байдаг. 2013 онд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар цусаа тогтмол өгдөг доноруудыг өгдөггүй хүмүүстэй харьцуулан авч үзэхэд зүрх судасны өвчлөл болон хавдрын өвчлөл маш бага байна гэсэн дүн гарсан байсан.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.